Wednesday, December 13, 2006

Мэтгэлцээн, эссе бичлэгийн уралдааны тухай,

“Монгол орноо хөгжүүлэхэд миний оролцоо” уриан дор Турк Улсад сурч буй нийт Монгол оюутнуудын дунд чөлөөт мэтгэлцээн, эссе бичлэгийн уралдааныг АМОЗ-өөс зарлаж байна.

Энэхүү уралдаан нь эх орноо хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрийг оруулах, мөн өөрсдийн мэдлэг чадвараа бусадтай хуваалцаж боловсролоо дээшлүүлэх, “Би хэн бэ?” гэдгээ гаргах, бусдад таниулах зорилготой юм. Нөгөө талаас хилийн чанадад, эх орноосоо хол ч сэтгэл зүрхээрээ ойрхон байгаа оюутнууд бид эх орныхоо өмнөх тулгамдсан асуудал, өнөөдрийн эмзэг сэдвийг хөндөж, эх орны хөгжил ирээдүйг шинэ сэргэгээр харж санаа бодлоо илэрхийлэх нь зүйтэй гэж үзэж байгаа юм.

Мэтгэлцээн, чөлөөт санаа бодлоо уралдуулах талбар гэдэг үндсэн дээр ямар мэргэжилээр хэд дүгээр курс-т сурч байгаа нь хамаагүй, бүгдээрээ оролцох боломжтой.

Санаа өгөх үүднээс дараах 4 сэдвийг эхний ээлжинд санал болгож байна. Үүнд:

Нэг. Улс төрийн сэдэв. Энд өнөөгийн улс төрийн тогтолцоо, намуудын төлөвшил, эх орон, ард түмнээ нэг үзэл санааны дор нэгтгэх, улс төрийн намын үүрэг роль гэх мэт сэдэв байж болно.

Хоёр. Эдийн засгийн сэдэв. Аливаа улс орны хөгжилийн гол үндэс нь эдийн засаг байдаг. Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжээд 15 жил болж байна. Манай улсын эдийн засаг шилжилтийн үедээ явж байна. Иймд эдийн засгийн харилцааг хэрхэн сайжруулах, жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжилийг дэмжих, ядуурлыг бууруулах гэх мэт сэдэв байж болно.

Гурав. Мэдээллийн технологи. XXI зууны хөгжлийг мэдээллийн технологигүйгээр төсөөлөхийн аргагүй. Манайх шиг жижиг, 2 их гүрний дунд оршсон улс оронд мэдээллийн технологи харьцангуй давуу тал олгож байна. Иймд үүнийг бид хөгжилдөө ашиглах бололцоотой. Энэ талаар бичиж болно.

Дөрөв. Нийгэмд болж буй үйл явц. Ядуурал, ажилгүйдэл, гэмт хэрэг гэх мэт сэдэв байж болно.

Мэтгэлцээнүүдийг 14 хоногт 1 удаа 2007 оны 1 сараас эхлэн зохион байгуулна.

Эссенүүдийг 3 сард цуглуулж байр эзлүүлнэ. Шалгарсан 3 эссег Монголын төв хэвлэлд тавьж нийтлүүлнэ.

Магадгүй биднийг сонирхож ажилд авах санал ч ирэх боломжтой.

Иймд та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна.

АМОЗ. 2006 он.

No comments: