Эртний Герег, Ромыг эс тооцвол орчин үеийн төрийн ардчилсан тогтоцын эх Англид үүсчээ. XIII зуун буюу Чингэсийн байлдан дагуулалтын үед англи язгууртнууд хаантайгаа гэрээ байгуулж түүний үнэмлэхүй эрхэд хязгаар тавьсан байна.
Үүнийг түүхэнд Магна Картын гэрээ гэдэг. Энэ зарчим зуун зуунаар боловсронгуйжсаар үндсэн хуульт хаант засагт Их Британийн төрийн тогтоц буй болсон юм. Гэвч нарийндаа үг үсэг хөөцөлдвөл Англи нь Үндсэн хууль ч байхгүй, хааны засаглал ч байхгүй, үнэндээ сонгодог парламентын төртэй билээ. Англи маягийн парламентаризм өнөөгийн ертөнцөд тун түгээмэл эд. Энэ нь үндсэн хуульт хаант улсын (Япон, Холланд, Малайз, Испани, Канад, Австрали, Тайланд, Швед г.м). бүгд найрамдах улсын (Герман, Энэтхэг, Итали, Унгар, Израиль, Сингапур г.м.) гэсэн хоёр хэлбэрээр байдаг. Хоорондоо их адилхан. Улсыг төлөөлөх эрх үе улирсан хаанд, эсвэл сонгогдсон ерөнхийлөгчид бий. Аль ч тохиолдолд нь гүйцэтгэх засаглалыг парламент томилно. Парламентын засаглал гүйцэтгэх засгаа томилох гэж нэлээд будилдаг. Ялангуяа сүүлийн үед элбэг үзэгдэх болсон улс төрийн намууд сонгуулиар тэнцүү санал авсан тохиолдолд заримдаа арчаагаа алдана. Гэхдээ хэрүүлтэй уруултай ч гарц үргэлж олддог.
Ерөнхийлөгчийн засаглал хэмээх төрийн тогтоцын бас нэг хувилбарыг 1776 онд америкчууд бодож олжээ. Энд хууль тогтоох эрхийг парламент дангаар эдлэх боловч үүнээс гадуур болох Ерөнхийлөгчийн сонгуулиар гүйцэтгэх засгийн асуудал шийдэгдэнэ. Ерөнхийлөгч улс орноо төлөөлөхөөс гадна гүйцэтгэх засгийг толгойлж Засгийн газраа өөрөө байгуулна. Ийм засаглалтай оронд Латин Америк ба Африкийн бүх орон багтдаг байна. Харин зэрэгцүүлэн ардчилсан зарчмаа тууштай хэрэгжүүлж чадсан АНУ-аас өөр ганц ч орон байхгүй. XҮIII зууны дундуур америкчууд Африкт “эрх чөлөө” гэсэн утга бүхий нэртэй Либэри улсыг байгуулж АНУ-ын Үндсэн хуулийн хуулбараар цогцлуулсан боловч шоглоомтой юм шиг энэ орон 150 жил самууны уурхай болсоор явна. Америкийн системийг нэлээд тууштай хэрэгжүүлж байсан Чили улс 1973 оны төрийн эргэлтээр нэрээ баастсан билээ. 100 орчим жил самуурч явсан Мексик 1921 оноос Америкийн төрийн системийг тасралтгүй чандалж байгаа үлгэр жишээ орноор тодорч буйг асуудал өөрсдөд нь биш хөршид нь байна гэж тайлбарлагсад олон бий. Америк бүтэц өөр оронд биеллээ олдоггүйг судлаачид нийгмийн ухамсар зохион байгуулагдах чадвартай холбон тайлбарладаг. Ялангуяа тэдний практикаар баяждаг тангаргатны шүүхийн тогтолцоо ухамсар дорой газар огт таарахгүй гэж үздэг.
Парламентын ба Ерөнхийлөгчийн засаглалын аль аль хувилбарыг хамгийн олон туршсан газар бол Францын бүгд найрамдах улс билээ. Ингээд 1958 онд генерал де Голлийн саналаар тав дахь Үндсэн хуулийг баталж Ерөнхийлөгчийн хагас засаглал гэсэн дундуур хувилбар буй болжээ. Ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч улсаа төлөөлөхөөс гадна гүйцэтгэх засаглал буй болоход ихээхэн үүрэг гүйцэтгэнэ. Парламент Ерөнхийлөгчийн санал болгосон Засгийн газрыг томилно. Иймээс Ерөнхийлөгч парламент дахь хүчний харьцааг заавал харж үзэхээс өөр аргагүй болдог. Өөрөөр хэлбэл, Засгийн газар нь парламентын бүтээл мөн боловч энэ нь Ерөнхийлөгчид таалагдах ёстой хэмээн нөгөө талаас нь ч бас тайлбарлаж болно. Энэхүү Ерөнхийлөгчийн хагас засаглалтай оронд Солонгос, Тайвань зэрэг орноос гадна Орос, Польш, Чех гээд хуучин коммунист ихэнх орнууд энэ хувилбарыг сонгож авсан билээ.
Монгол Улсын шинэ Үндсэн хууль сонгодог парламентын засаглалын хэлбэрээр анхны ноорог нь бүтээгдсэн юм. Гэвч хэлэлцүүлгийн явцад ардын депутат нарын хэтэрхий дийлэнхийн саналаар Ерөнхийлөгчийг нийт ард түмнээс сонгодог төдийгүй учир нь олдохгүй олон эрхтэй болгосон билээ. Иймээс манай Үндсэн хуулийг Ерөнхийлөгчийн хагас засаглалын систем мөн гэж олон судлаачид үздэг. Чухам энэ байдал 1997 онд Ерөнхийлөгчөөс гүйцэтгэх засгийн тэргүүнд нэр дэвшигч таалагдсангүй гэсэн шалтгаанаар арван хэдэн удаа буцааж байсан дээр тод илэрлээ олсон. Хэдийгээр энэ байдал 2000 оны Үндсэн хуулийн нэмэлтээр хагас хугас засагдсан боловч өдгөө Ерөнхийлөгчийн институци байдаг уу, үгүй юу, байдаг бол эрх мэдэл хуваарилалтын аль хэсгийг хамрах вэ гэдэг нь тодорхой бус байдаг. Чухам энэ тодорхойгүй байдал нь Монгол дахь төрийн хямралын гол эх үүсвэр болсоор байна. Одоогийн Ерөнхийлөгч Засгийн газар болон шүүх эрх мэдэлд бүрэн хутгалдан орж, гадаад бодлого, батлан хамгаалах, уул уурхайн салбарыг илт өөртөө хамааруулан удирдах болжээ. Нэг үгэндээ эрх мэдлийн хуваарилалт тодорхойгүй учир Ерөнхийлөгч өөрийгөө хэн ч болгон өөрчлөх увидас агуулна.
Сүүлийн үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулж Ерөнхийлөгчийн засаглал тогтоох тухай улам амтархан ярих боллоо. Харин яриад байгаа нь дээрх гурван хэлбэрийн аль нь ч биш бололтой юм. УИХ их үзэмжгүй хэрэлдэж буй нь Монголд парламентын засаглал хямарсны буюу зохихгүйн илрэл мөн гэнэ. Ерөнхийлөгч хуулиа тогтоогоод шүүхээ удирдаад, гүйцэтгэх засаглалаа зав чөлөөгөөр нь хөтлөөд явах бололтой юм ярина. Монголын хөгжлийн цаашдын хөгжлийн баталгаа гэнэ. Олуулаа хэрэлдэж байхаар нэг шударга хүнээ сонгоод түүнийхээ удирдлагаар явъя гэнэ. Ийм гоё хэлбэргүй учраас авлига гараад байгаа гэнэ. Гэтэл энэхүү яриад байгаа төрийн тогтолцооны хэлбэрийг авторитари дэглэм гэдэг. Дотроо гурван төрөл бий. Үнэмлэхүй хаант улс гэж байна. Дээр үед дэлхийн бараг бүх орон ийм байсан. Сүүлийн үед Балба тийм болж байна. Арабын нэлээд хэдэн орон ийм дэглэмтэй. Нөгөө нь парламентын тогтоцтой маяг харуулдаг коммунист дарангуйлал байна. Ганц намын нэрээр олигархи бүлэг төрийг эзэмших ба ард түмнийг төлөөлнө гэх байнгын бус ажиллагаатай парламент гэгч нь хууль тогтоох, гүйцэтгэх засаглал томилох дүр эсгэнэ. Ийм засаглалын хэлбэр Монголд олон жил тогтож байсан ба өдгөө Хойд Солонгос, Кубаас гадна Хятад, Вьетнам, Лаос зэрэг орон орно. Гурав дахь хэлбэр нь шууд дарангуйлагчтай төр. Түүхэн дэх хамгийн сонгодог жишээ нь Гитлерийн Герман, Муссолинигийн Итали, Сталины Зөвлөлт, Маогийн Хятад байсан ба өдгөө Каддафигийн Ливи, Мугабегийн Зимбавэ мөн Бирм зэрэг орнууд багтана. Манайд Ерөнхийлөгчийн засаглал тайлбарлаад байгаа эрхмүүд хэрэв энэ тухай хэлэх гээд буй бол Үндсэн хууль өөрчлөх ямар ч шаардлагагүй. Үүний тулд төрийн эргэлт хийдэг ба үүнийг сайнаар хувьсгал гэх, ердийн хуулийн нэр томъёогоор куп дэ этат эсвэл путч гэж нэрлэдэг.
Wednesday, December 13, 2006
Баабар: Ерөнхийлөгчийн засаглал гэж юуг ойлгоод байна аа?
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment