Wednesday, December 13, 2006

Баабар: Птолэмэй, Хокинг хоёрын дунд гээгдсэн театр

Дизоксирибонуклейний хүчил хэмээх тогтооход ч хэцүү химийн нэр томъёо бий. Yүнийг ДНХ гээд товчилчихдог. Хорвоогийн бүх амьдрал энэ хүчил дээр тогтдог аж. Хүн, амьтан, ургамал нян, вирусын дүрс хэлбэрээс эхлээд зан ааш нь хүртэл энэ хүчлээр томъёологдох аж. Томъёолчихсныг нь ген гэж нэрлэнэ. Хүүхэд аавыгаа дуурайсан, тэмээ бөхтэй байдаг, зарим ургамал улаан элсэнд ургадаг, ямар өвчнийг ямар вирус үүсгэж юуг хордуулдаг зэргийг ДНХ томъёолон тогтооно.
Хорвоогийн бүхий л амьдралыг дотроо агуулсан ДНХ-ийн тухай өдгөө оршин байгаа зургаан тэрбум оюунт хүний хэд нь ядахнаа сонссон бэ? Судлаачдын тогтоосноор хүн төрөлхтний тэн хагас нь ДНХ гэж амьдралдаа сонсоогүй гэнэ. ДНХ гэж огт мэдэхгүйгээр амьдраад болоод байлгүй яахав. Цаана нь мэлхий, могой, шавьж өөрийг нь юу кодолдгийг мэдэхгүйгээр зүв зүгээр амьдраад болоод л байна шүү дээ.
Орчныхоо тухай зөв мэдээлэл, ойлголттой болохыг боловсрол гэдэг. Хүн болгон боловсролтой болох албагүй ч боловсролтой нэгний амьдрал илүү хялбар илүү утга учиртай. Боловсролтой хүн ДНХ-ийн тухай мэдэж л байх ёстой. Орчлонгийн тухай ч ялгаагүй. Хар нүх гэж юув, яагаад хар нүх үүсдэг, цаг хугацаа гэдэг мөнхийн зүйл мөн үү, орон зай цаг хугацаанд хязгаар төгсгөл бий юу гэх мэт.
Ийм асуултад хариулсан Хокингийн хэд хэдэн ном бий. Хоёр хөөрхөн залуу Хокингийн хоёр ч номыг монгол хэлнээ хөрвүүлчихсэнээ аваад ирлээ. Бүр хэвлүүлчихлээ. Ямар сайхан юм бэ! Хокингийн "Цагийн товч түүх; Хар нүхнээс их тэсрэлт хүртэл" хэмээх ном дэлхийн гуч гаруй хэлнээ орчуулагдсан ба зөвхөн англи хэлнээ Америкт 40 удаа, Англид 40 удаа хэвлэгдэж 10 гаруй сая хувь борлогджээ. Хорьхон жилийн дотор. Онолын физикийн ном шүү дээ. Гэхдээ дотроо Эйнштений Е = mc2 гэсэн ганцхан томъёотой. Өөрөөр хэлбэл орчлон ертөнцийн тухай өнөөгийн шинжлэх ухааны ойлголтыг долоон буудлын Должин чавганц ч уншаад ойлгохоор хялбаршуулан өгүүлжээ. Тиймдээ ХХ зууны хамгийн өргөн уншигдсан, хамгийн эрэлт хэрэгцээтэй бэстсэллэрийн нэг болсон хэрэг.
Хорвоо ертөнцийн бүтэц байгууламжийн тухай анхны загварыг хоёр мянга гаруй жилийн өмнө Птолэмэй гаргаж иржээ. Өнөөдрийн Хокингийн тайлбар бол хүн төрөлхтөн яаж урагшлан гэгээрсний илэрхийлэл юм. Хокингийн номыг уран зохиолоос илүү сонирхон хэдэн арван саяар нь худалдан авч уншиж байгаа нь хүн төрөлхтөн хэрхэн боловсрон соёлжсоны баталгаа юм.
Хэдэн үе дамжин Бурхныг үгүйсгэж, дайран доромжилж, дүрслэлийг нь харах байтугай нэрийг нь цээрлэж явсан монголчууд өнөөдөр гэнэтхэн мухар сүсгийн боол болон хувирчээ. Чухам үүн дээр нь тоглож амьдардаг лам, бөө, үзмэрч, бариач, төлөгчийн бүхэл бүтэн сүрэг буй болсон байна. Нийгэм маань улам харанхуйлан дундад зуун руугаа тэмүүлнэ. Хокингийн номонд Хайзэнбэргийн тодорхойгүйн зарчмыг энгийн ойлгомжтой өгүүлжээ. Өөрөөр хэлбэл ирээдүйд болох юмыг урьдчилан мэдэх ямар ч бололцоогүй болохыг баталсан шинжлэх ухааны нотолгоо. Хүн төрөлхтөн энэ хөдөлбөргүй үнэнд хүрээд даруй дал гаруй жил болж байна. Бидний мухар сүсэгтэй монголчууд ойрын ирээдүйд өөрт нь юу тохиолдох гэж байгааг хэлүүлэхээр Гандан руу, Хөвсгөлийн тайга руу, Шар хад руу хамгаа өвөртлөн цувна. Хэрвээ үнэхээр ирээдүйг тааж мэдэж чаддаг юм бол казинод орж тоглоод хага баяжихын оронд мухар сүсэгтний өглөгт нүд унагасан "мэргэн хүн" цаана нь хормойгоо тосон хүлээнэ. "Мэргэн хүн"-ий хорвоогийн тухай төсөөлөл нь их бодож л Птолэмэйн загвар.
Гэвч манай нийгэм тийм ч пад хар бишээ. Бурхныг үгүйсгэж бузрыг шүтэж явснаа гэнэт өрөвдмөөр мухар сүсэгтэн болж хувирсан үеийнхэн халагдаж дуусах нь мэдээж. Араас нь эргэн тойрныхоо тухай зөв ойлголттой мянга мянган залуус соёолон гарч ирж байна. Өөрөө уншиж ойлгоод зогсохгүй үүнийгээ бусдад хэлж өгөх гэж нойр хоолоо хасан тэмүүлдэг сайхан залуус олон буйн жишээ нь мөнөөх Хокингийг орчуулаад өөрийнхөө мөнгөөр хэвлүүлсэн дээрх хоёр юм. "Ийм залуус олон бол тэр социализмыг нь дор нь байгуулчихсан" хэмээн "Анхны алхам"-ын буриад өвгөн сүүрс алддаг. Yнэхээр ийм залуус олон ч байна, эрүүл нийгэм байгуулан иргэд нь эд баялгийг бүтээх ч найдвар байна, бидэнд.

No comments: